Skip To Content
Print

Асуулт хариулт

Хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хавдрын төв

  • Q.Залуу эмэгтэйчүүдийн хувьд хөхний хорт хавдар тусах магадлал илүү өндөр байдаг уу?

    БНСУ-ын хэмжээнд хөхний хорт хавдрын өвчлөл 40 хэвийж яваа эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог бөгөөд, цэвэршсэний дараах 50 насныханд мөн элбэг тохиолддог. Гэхдээ 35-с доош насныханд ч гэсэн хорт хавдар тусах магадлал багагүй хувьтай байдаг.
    35-аас өмнөх болон хойшхи насны эмэгтэйчүүдийн хувьд өвчний эдгэрэх явц харилцан адилгүй байдаг. Залуу эмэгтэйчүүд дааврын эсрэг эмчилгээнд тэсвэртэй байдаг тул ижил төрлийн эмчилгээ хийсэн ч гэсэн өвчний эдгэрэлт муутай байдаг тул илүү аюултай гэж үзэж болно.
    Тиймээс залуу эмэгтэйчүүд ч гэсэн хөхний хорт хавдрын шинжилгээ хийлгэж урьдчилан сэргийлэх шаардлагатай.

  • Q.Эрэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилдөггүй биз дээ?

    Үгүй, өвчилдөг.
    Европ эрчүүдийн 1%, солонгос эрчүүдийн 0.5% нь эрэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвчилдөг. Ихэнхдээ 57-63 насныханд тохиолддог.
    Эрт илрүүлэх тусам өвчний эдгэрэх явц сайжрах тул анхан шатанд нь илрүүлэх нь чухал.

  • Q.Хөхнөөс шингэн зүйл гараад байна. Хөхний хорт хавдар тусчихсан юм болов уу?

    Хөхөвчинд шингэн зүйл юм уу цусархаг шингэн наалдсныг хараад хөхний хорт хавдар тусчихсан юм болов уу гэж санаа зовдог хүмүүс олон тааралддаг. Иймэрхүү шинж тэмдэгтэй 100 хүний 10~15 нь л хорт хавдартай гэж оношлогддог.
    Дээрх тохиолдолд хөхний зураг авахуулах, эхонд харуулах зэрэг шинжилгээ хийлгэж хорт хавдартай болсон эсэхийг тодорхойлох шаардлагатай бөгөөд, шинжилгээний хариунаас хамаарч нэмэлт шинжилгээ хийлгэх хэрэг гарч магадгүй.

  • Q.Том хөхтэй бол хөхний хорт хавдар тусах магадлал нэмэгдэх үү?

    Том хөхөнд хөхний эдээс илүү их хэмжээний өөх байдаг. Тухайн өөх болон хорт хавдар хоорондоо ямар ч хамааралгүй.
    Тийм болохоор хөхний хэмжээ, хөхний хорт хавдар ч бас хамааралгүй гэсэн үг.
    Харин таргалалт болон хөхний хорт хавдар хоёр хоорондоо хамааралтай тул таргалснаас болж хөх нь томорсон бол хөхний хорт хавдар тусах магадлал ихэснэ.

  • Q.Эмчилгээний дараа пелинус мөөг, хүн орхоодой зэргийг хэрэглэж болох уу?

    Хорт хавдрын эсрэг эмтэй харшиж ноцтой гаж нөлөө үзүүлэх магадлалтай.
    Харин жигнэж хатаасан хүн орхоодой нь хорт хавдрын эсрэг эмтэй харшдаггүй, заримдаа эмийн нөлөөгөөр буурсан цагаан эсийн тоог нэмэгдүүлдэг үйлчилгээтэй гэгддэг тул эм ууж байх үед уухыг хорьдоггүй.
    Хэрэв заавал уух шаардлагатай бол эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөлдсөний дараа уугаарай.

  • Q.Яагаад түүхий хоол хүнс идэж болдоггүй вэ?

    Хорт хавдрын эсрэг химийн эмчилгээ хийж байгаа үед цагаан эсийн тоо буурч дархлаа нэлэнхүйдээ сулардаг.
    Боловсруулаагүй буюу түүхий хоол хүнсэнд олон төрлийн нян агуулагдсан байгаа дархлаа суларсан үед гэдэсний үрэвсэл зэрэг өвчинг үүсгэх аюултай тул болгоомжлох хэрэгтэй.
    Гэхдээ эмчилгээ дууссаны дараа хэрэглэхэд зүгээр.

  • Q.Сүүлийн үед хорт хавдарт сайн гэж яригдаад байгаа селениумын хэрэглээний талаар мэдмээр байна.

    Зөвхөн селениум төдийгүй B, C, E амин дэмүүд хорт хавдрын эсрэг нөлөөтэй.
    Гэхдээ ямар ч зүйл хэмжээ нь ихэдвэл муу болдог.
    Бүтээгдэхүүн бүрийн найрлага орц өөр өөр тул хэмжээг нь сайтар нягтлан шалгасны дараа уугаарай.

  • Q.Хорт хавдрын эмчилгээтэй үед сайн унтаж чадахгүй байна. Нойрны эм ууж болох уу?

    Нойрны эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Эмчлэгч эмчтэйгээ зөвлөсний дараа тохиромжтой хэмжээгээр ууж болно.

  • Q.Хөхний хорт хавдар туссан бол хөхийг заавал тайрах ёстой юу?

    Хөхний хорт хавдрыг эмчилдэг олон янзын арга бий. Гол үндсэн арга бол мэс заслын арга юм.
    Химийн эмчилгээ болон цацраг туяа эмчилгээгээр бүрэн эдгээх аргагүй. Гэхдээ мэс засал хийх үе шат, арга техник нь харилцан адилгүй олон янз байдаг тул өвчтөн тус бүрийн нөхцөл байдлаас хамаарч өөр байж болно.
    Хөхний хорт хавдрын мэс заслыг хөхийг бүхэлд нь тайрах, мөн хөх хадгалах (тодорхой хэсгийг нь тайрах) гэсэн хоёр аргаар хийдэг.
    Мэс заслын аргыг шийдэхдээ жирэмслэлт гэх мэт хувь хүний нөхцөл байдал, мөн хавдрын байршил, тоог харгалзан үзээд зогсохгүй өвчтөний санал, дахин үүсэх эрсдэл зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатай болдог тул эмчлэгч эмчтэйгээ маш сайн ярилцан зөвлөлдөх хэрэгтэй.